Korean Air компани “арын суудлын зорчигчид түрүүлж онгоцонд суух” зарчмыг нэвтрүүлж эхэлжээ

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани өчигдрөөс буюу Лхагва гарагаас эхлэн зорчигчдыг нисэх онгоцонд суулгахдаа “арынх нь түрүүлэх” зарчмыг гадаад, дотоодын бүх нислэгтээ нэвтрүүлж эхэлжээ.

Энэ нь хүмүүс хоорондын ойртолт, хавьталтыг багасгаж, вирус тархах эрсдлээс сэргийлсэн арга хэмжээ юм.

Агаарын тээврийн компаниуд ердийн үед онгоцны урд хэсэг буюу бизнес ангиллын суудлын зорчигчдыг түрүүлж суулгадаг. Харин шинэ зарчмаар хамгийн арын эгнээнд суудалтай зорчигчдыг хамгийн түрүүнд оруулахаар болж байна.

Ингэвэл зорчигчид суудалдаа суухаар явах замдаа олон хүнтэй ойртохгүй юм.

Ийм зарчмыг Delta Airlines зэрэг томоохон компаниуд нэвтрүүлээд байгаа. Тавдугаар сараас Korean Air бүх зорчигчдодоо амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлсэн юм.

Коронавирусийн цар тахлын улмаас олон улсын нислэгийн чиглэлүүдийнхээ 90 гаруй хувийг зогсоогоод байсан тус компани энэ сараас Вашингтон, Сиэтл, Ванкувер, Торонто, Франкфурт, Сингапур зэрэг 19 чиглэлээ сэргээсэн байна. 

Жич: Анх тус компани зургаадугаар сарын 1-нээс эхлэн олон улсын 32 чиглэлийг сэргээхээр төлөвлөж байсны дотор Инчеон-Улаанбаатарын чиглэл багтаж байв.

Эх сурвалж: Yonhap News

Өмнөх

ХХААХҮЯ: Махны үнэ 20 мянгад хүрлээ гэсэн хуурамч мэдээлэл тарааж байна

Дараахи

Даатгалыг шимтгэлтэй нь, тэтгэврийг тэтгэмжтэй нь, газрыг газраар нь хулгай-лана-даа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн