Япон улс онц байдлаа цуцаллаа

Энэ өдрийн 18.00 цагаас Ерөнхий сайд Ш.Абэ хэвлэлийн бага хурал хийж, “Онц байдал” үргэлжилж байсан Токио, Чиба, Сайтама, Канагава, Хоккайдо мужуудад буюу улс орон даяар онц байдлыг цуцласныг зарлав.

Ерөнхий сайд Ш.Абэ хэлсэн үгэндээ “… Япон Улс 1 сар хагасын хугацаанд “япон загвар”-аар халдварын нөхцөлийг хяналтдаа авлаа. Шинэ тохиолдлын тоо дэлхийн хатуу шалгуурт заасан “сүүлийн нэг долоо хоногт 100,000 хүн тутамд 0.5 ба түүнээс бага буюу халдварын зам нь нарийн тодорхойлогдсон үед 1.0 ба түүнээс багагүй түвшинд бүх улсын хэмжээнд хүрэв.

Түүнчлэн өвчлөл өндөр байсан үед нэг өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүний тоо 10 мянгад хүрч байсан бол одоо 2 мянга руу бууж ирлээ.

Хэдийгээр онц байдлыг цуцалж байгаа ч цар тахлын аюул бидний эргэн тойрноос арилах болоогүй, их цаг хугацаа шаардагдахаар байгаа тул иргэдээ “амьдралын шинэ хэв маяг”-ыг хэвшил болгохыг уриалж, цаашид халдварын нөхцөл байдлыг хяналтад байлгахын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн ямар ямар үйл ажиллагааг шат дараатайгаар нээж болох вэ гэдэг суурь зарчмаар дараа дараагийн шийдвэр гаргана.

… Өнөөг хүртэл Япон Улс 2 удаагийн төсвийн тодотголоор ДНБ-ныхээ 40 хувьтай тэнцэх хэмжээний буюу 200 их наяд иенийн эдийн засгийн дэмжлэгийг ард иргэд, аж ахуй нэгжүүддээ хүргэх шийдвэрийг гаргаад байна. Эн сарын 27-ны өдөр 2 дахь удаагийн төсвийн тодотгол Парламентаар хэлэлцэгдэн эцэслэгдэнэ.

Дахин “онц байдал” зарлах нөхцөл байдал үүсэх магадлал одоо ч бидэнд байгаа ч, миний бие Ерөнхий сайдын хувьд аль болох нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг дахин тасалдуулах шийдвэр гаргахаас татгалзах хүсэлтэй байна. Ирэх сарын 19-ний өдрөөс бэйсболийн дээд лигийн тоглолт үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргаад байна. Цаашид энэ мэт спорь, урлагийн үйл ажиллагааг бага тооны үзэгчтэйгээр зохион байгуулах, улмаар үзэгчдийн тоог нэмэх бодлого баримтлах болно.

Халдварын тархалтыг хяналтад байлгах үүднээс Япон Улс хувь хүний мэдээллийн нууцыг сайтар хамгаалсан ухаалаг утасны “байршил тогтоох, эргэн мэдээлэх” аппликэйшн зохион бүтээж ирэх сарын дундуур нийтийн хэрэглээнд оруулахад бэлэн болоод байна.

… Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед Япон Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй улс орнуудад ч тусламж хүргэх хүсэлтэй байна. Энэхүү цар тахлын эсрэг вакциныг хөгжиж буй улс орнуудад ч хүргэх нь чухал бөгөөд ирэх сард болох “Их-7”-ийн уулзалтын үеэр дэлхийн томоохон улс орнуудын тэргүүн нарт хандан вакцин зохион бүтээх асуудлаар хамтран ажиллах “тусгай ажлын баг” байгуулах санаачилга өөрийн зүгээс гаргах болно” хэмээв.

Япон Улсад коронавирусын халдварын тохиолдол буурч байна.

Японы “Эн-Эйч-Кэй” агентлагийн 25-ны өдрийн 18:00 цагийн мэдээллээр тус улс дахь коронавируст халдвар батлагдсан тохиолдлын тоо 16628 (+17), нас барсан хүний тоо 853 (+13) болоод байна. “Даймонд принцесс” хөлөг онгоц дахь халдварын тохиолдлыг оролцуулвал нийт тохиолдлын тоо 17323, нас барсан хүний тоо 864 болж, 13987 хүн эдгэрээд байна.

Япон дахь халдварын тохиолдлын тоогоор дараах 10 хот, аймаг тэргүүлж байна. Үүнд:
1. Токио 5160 (+8)
2. Осака 1781
3. Канагава муж 1330 (+1)
4. Хоккайдо 1054 (+2)
5. Сайтама муж 996
6. Чиба муж 898
7. Хёого муж 699
8. Фукуока муж 670 (+4)
9. Айчи муж 510
10. Киото 358 хүн тус тус халдвар аваад байна.

Эх сурвалж: Монгол улсаас Япон улсад суугаа Монголын элчин сайдын яам

Өмнөх

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг Прокурорт буцаав

Дараахи

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн