ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээнэ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар, ОХУ-д нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээхээр шийдвэрлэсэн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ. 

ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 300 мянга давж, 3000 орчим хүний амь хохироод байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь БНХАУ-д шинэ коронавирус эрчимтэй дэгдэж байсан хүнд хэцүү үед нь тус улсад айлчилж, 30 мянган толгой хонь хандивлаж байсан. Тэгвэл манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, ижил түвшний харилцааг хөгжүүлэх гадаад бодлогын үзэл баримтлалтай. Энэ хүрээнд аль аль талдаа ижил тэгш хандсан бодлого явуулах ёстой. Тиймээс халдварын нөхцөл байдал ОХУ-д хүндэрсэн энэ цаг үед нэг сая ам.долларын үнэ бүхий махны тусламж илгээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Нөгөө талдаа “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэгчлэн хүнд хэцүү энэ цаг үед дэлхий нийт бие биедээ харилцан тусалж цар тахлын нөхцөлөөс гарна гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо. 

Засгийн газраас санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ойрын хугацаанд хонины мах бэлтгэх, логистик тээврийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж ОХУ-д махаа хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна.

Б.Саран

Өмнөх

Ирэх даваа гарагт УОК-ын өргөтсөн хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг шийднэ

Дараахи

109 хүний шинжилгээний хариу ЦЭВЭР гарлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн