А.Амбасэлмаа: Халдварын тохиолдол нэмэгдэх тусам дотоодод халдвар тархах эрсдэл нэмэгдэнэ

Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо урд шөнө дөрвөөр нэмэгдэж, 140 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлууд болон цаашид үүсч болох эрсдэлийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Монгол Улс гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 140 батлагдсан тохиолдлыг тусгаарлан эмчилж байна. Сонсогч оюутнуудаас эхэлж тайлбар өгье. Монгол Улс 340 сонсогч оюутныг Оросын цэргийн онгоцоор татаж авсан. Эх орондоо ирэнгүүт нь шинжилгээ хийж, өнөөдрийн байдлаар 57 хүнээс нь коронавирус илэрсэн. Урд шөнийн илэрсэн нэг тохиолдол нь ХӨСҮТ-д ойрын хавьтал гэж тусгаарлагдсан байсан.

Мөн ОХУ-аас оюутан болон энгийн зорчигч болох 400 гаруй иргэнээ Алтанбулагийн боомтоор татаж авсан. Эдгээр иргэдээс 119 иргэнийг Орхон аймагт, 135 хүнийг Дархан-Уул аймагт, 20 гаруй хүнийг Сэлэнгэ аймагт, Төв аймагт 132 хүнийг тусгаарласан.

Орхон аймагт тусгаарласан 119 хүний шинжилгээг Дархан-Уул аймгийн лабораторид хийсэн. Ер нь Орхон, Дархан, Сэлэнгэ аймагт тусгаарласан хүмүүсийн шинжилгээг Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид хийж байгаа. Хийсэн шинжилгээгээ сөрөг ч бай, эерэг ч бай давхар ХӨСҮТ рүү авчирч, баталгаажуулна. Ингээд Дархан-Уул аймгаас ирсэн шинжилгээг давхар баталгаажуулахад Орхон аймгийн хоёр, Дарханы нэг тохиолдол батлагдсан. Гурвуулаа оюутан сурагч байгаа.

Мөн Төв аймагт тусгаарлаж шинжилгээ аваад батлагдсан 37 тохиолдлын 80 хувь нь оюутан. Хойд хилээр орж ирсэн нийт хүмүүсийн 40-д коронавирус илэрсэн гэлээ.

Бид эмнэлгийн ажилчид халдвар авахаас сэргийлж, хяналтаа байнга сайжруулж байна. Ялангуяа хамгаалалтын хувцсаа өмсөх, тайлах үед халдвар тархах эрсдэл өндөр учраас камераар хянаж, мөн давхар хяналтын баг ажиллаж байна. Эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах өндөр эрсдэлтэй бүсэд байна. Олон өвчтөнтэй уулзах тусам, нэг эмчид ногдох хүний тоо нэмэгдэх тусам эрсдэл нэмэгдэж байна. Өвчлөлийн батлагдсан тохиолдлын тоо өсөхийн хэрээр халдвар тархах эрсдэл нэмэгдэж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ эрсдэлийг гадагшаа алдахгүйн тулд ХӨСҮТ өнөөдөртөө 250 орондоо багтсан ар хэмжээгээ авна. Цаашдаа ХӨСҮТ-ийн 250 ор дүүрээд, өөр ор байхгүй гэж зарим хүн ойлгоод байгаа. Халдвартаас гадна тусгай бэлтгэсэн 1000 гаруй ор байгаа. Тиймээс бэлэн орон дээрээ өвчтөнүүдээ авна. Коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед яаж ажиллах уу, алаг цоог хэлбэрээр гарвал яах уу, голомтлон гарвал яаж ажиллах уу, цар тахлын хэмжээнд ямар арга хэмжээ авч, яаж ажиллах уу гэдэг төлөвлөлтийнхөө дагуу ажиллаж байна. Энэ төлөвлөлтийн дагуу зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг ХӨСҮТ-д эмчилж байна гэж мэдээлэв.

Б.Саран

Өмнөх

“ЖИ ТАЙМ “ сүлжээний гэгдэх эрүүгийн хэрэг шүүхэд хянагдаж байна

Дараахи

Дахин 158 иргэн эх орондоо ирлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн