Covid-19 халдварын тохиолдол НЭГ-ээр нэмэгдэж 42 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал боллоо. Өнөөдрийн байдлаар манай улсад ажиглалтад 987 хүн байна. Тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирсэн зорчигчийн хоёр дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол улсад Covid-19 халдварын тохиолдол 42 болов. 13 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол одоо 29 хүн ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор хийсэн долоон сорьцын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өмнөговь аймагт тусгаарлагдсан иргэнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 3-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэнээс илэрсэн. Шинж тэмдэг нь маш тод илэрсэн. Толгой өвдөж, хоолонд дургүй болж нус гоожсон. Коронавирусийн батлагдсан 42 тохиолдол боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Коронавирусний халдвараар эдгэрч гарсан хүмүүсийг эмнэлгээс гарсны дараа хоёр удаа шинжилгээ авч байна. Гэрт гарсан дөрвөн хүнээс хоёр удаагийн давтан шинжилгээгээр гурав нь бүрэн эрүүлжсэн. Харин нэг хүн тусгаарлагдах 14 хоногийн хугацаа нь дуусаагүй байна. Бусад нь Энхсаран сувилалд 14 хоног тусгаарлагдаж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн эрдэмтэн судлаачид улс орнуудыг коронавирусний халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэхийг анхааруулж байна. БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан иргэдийн үрийн шингэнээс вирус илэрчээ. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудыг ажиглахад хоёр, гурав дахь давтан шинжилгээний дараа халдвар нь илэрч байна. Тиймээс тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон нь манай орны нөхцөл байдалд их тохирч байна. Одоогийн байдлаар гадаадын улс орнуудад амьдарч буй 20 гаруй иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнээс нь 15 нь эдгэрч, таван хүн гэрийн тусгаарлалтад байна. Эрүүл мэндийн байгууллагаас эмч мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан технологийн хэлтсийн нарийн бичгийн дарга Н.Оюунсүрэн: Эрүүл мэндийн сайдын тушаалаар судалгааны тэргүүлэх долоон чиглэлийг тодорхойллоо. Тухайлбал, хүн амын давхарга, эмзэг бүлгийнхэн дунд халдвар тархах эрсдэлийг судлах, улирлын коронавирусийн эмнэлзүйн оновчтой эмчлэх аргыг тодорхойлох, гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтдад коронавирусийг илрүүлэх зэргийг тодорхойлжээ. Судалгааны ажлыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан есөн баг хариуцан ажиллаж байна.

Б.Саран

Өмнөх

Дональд Трампийн туслах коронавирусний халдвар авчээ

Дараахи

Хорих 461-р ангид хоригдож байгаа М.Энхсайханы тэмдэглэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн